
Үндэсний бахархалт амьтан Мазаалай баавгай
Save the world's loneliest bear

Үндэсний бахархалт амьтан Мазаалай баавгай
Save the world's loneliest bear

Мэндчилгээ
Монгол Улсын Засгийн газар мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан” хэмээн зарласан нь эх орныхоо байгаль, ан амьтнаа хайрлан хамгаалах монгол түмний оюун санааны бэлгэдэл болсон түүхэн үйл явдал юм.
Өнөөдөр ердөө тавь гаруйхан тоо толгой үлдээд буй мазаалай баавгайн ирээдүйг хамгаалах нь зөвхөн төрийн бодлого, хууль тогтоомжийн хүрээнд төдийгүй, иргэн бүрийн хариуцлага, эх дэлхийгээ хайрлах чин сэтгэлээр хэмжигдэнэ.
Энэхүү цахим хуудас нь мазаалай баавгайн талаар үнэн зөв мэдээллийг түгээн, хамгааллын үйл хэрэгт олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Та бүхнийг байгаль хамгаалах ариун үйлст сэтгэл нэгдэн хамтран ажиллахыг урьж байна.


МАЗААЛАЙН ТУХАЙ
Ерөнхий төрх ойн хүрэн баавгайтай адил боловч биеэр бага. Цагаан богд уулын шармаахайн биеийн урт 168 см, сэрвээний өндөр 92 см, жин 90 кг байжээ. Шар хулсны нурууны Хөшөөтийн булагт хавар амьдаар барьсан шармаахайн биеийн урт 167 см, сэрвээний өндөр 79 см, биеийн жин 138 кг. Зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хар хүрэн сор үстэй, цайвар шаргал ноолууртай. Хөлний өвдөгөөс доош хэсэг болон хүзүү их биеэсээ бараавтар. Хүзүү, далны шонтон хэсэгт цагаан цайвар толботой, зарим бодгальд ялангуяа эвш, залуу амьтдад ажиглагддаггүй. Зүс нас хүйснээс хамааран өөрчлөгдөж байдаг. Хумс цайвар өнгөтэй, шулуундуу, мохоо, бүдүүн богинохон. Хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй
ТАРХАЦ
1930-аад онд Алтайн өвөр говийн баруунаа Аж богдын зүүн үзүүр, зүүнээ Тост, Нэмэгт уул, хойшоо Ээж хайрхан, Захуй, Зармангийн баянбүрд, Эдрэнгийн нуруу, өмнөө улсын хил хүртэлх нутагт тархаж байв. Одоо зүүнээ Цагаан богд, баруунаа Баруун Тооройн нуруу, хойш Зараа, Буурын хар уулын хооронд буюу тархацынхаа тэн хагасаас бага нутагт Сэгс цагаан богд, Шар хулсны нуруу, Төмөртэйн хөх нуруу, Атас Ингэс уулын хавиар байршина. Шар хулс, Цагаан тохой, Цагаан бургас, Өлзий бэлгих, Хөшөөт зэрэг булаг шандын ойролцоох хад бартаат намхан уулсаар гүйдэлтэй. Тархац нутаг 1960-аад оныхоос 5 дахин хумигдаж, 18 000 ам км нутагт байршиж байна.


ХАМГААЛАГДСАН БАЙДАЛ
Мазаалайг баавгай агнахыг 1953 оноос хуулиар хориглож, улмаар Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэж, үндсэн байршил нутгийг Говийн их дархан цаазат газарт хамруулав. Монгол улсын улаан номд оруулсан. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн I хавсралтад бүртгэгдсэн.
1943
Шинжлэх ухааны экспедицээр тусад нь зүйл гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөв.
1953
Мазаалай баавгай агнахыг хуулиар хориглов.
1960
Тархац нутаг 5 дахин хумигдсан. Тоо толгой 15-20 байв.
ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ
1970
Тоо толгой 20 гаруй болж, харьцангуй тогтвортой байв.
1980
Тоо толгой 25-30 хүрсэн.





